Ялаа
Чшш! Чимээгүй! Битгий хөдлөөрэй!
Харсны хэрэггүй! Нисчихнэ шүү!
Хоёр ялаа хөөцөлдөн ниснэ. Нисэж нисэж шалан дээр очиод нэг нь нөгөөгийнхөө дээр. Эр эм бололтой. Эдэнд ороо орно гэж байдаг болов уу? Эсвэл...? Гэхдээ амьд л амьтан юм хойно ямар нэг мэдрэмж төрдөг л байж таараа. Эцсийн үр дүн бол үржил шүү дээ. Дахиад л хөөцөлдөөд эхлэв. Эмэгтэй нь дургүй байгаа юм болов уу? Гэхдээ айлгүйтэж байж болох юм. Бүсгүйчүүд дуртайгаа хэлэхгүй. Дүр эсгэдэг. Харин цаанаа бол... Нөгөө хоёр ялаа чинь одоо ширээн дээр, давхар. Тэгснээ цонхны тавцан, хаалганы бариул. Ахиад л хөөцөлдөөн. Атаархмаар ч юм шиг. Үгүй инээдтэй юм байна.
Хэсэг хугацааны дараа ялаа 3 болжээ. Сонин юм аа огт салахгүй. Нэг эгнээнд цуваад л нисээд байх юм. Бие биедээ эрхлэж тоглоод яг л зугаалж яваа аав ээж хүү гурав шиг. Ямар атаархмаар юм бэ? Лав миний мэдэхээр нилээд удаан л гэр бүлээрээ сэлгүүцлээ. Эд сайхан юмаа. Атаархмаар. Юм идмээр бол гал тогоо, 0-н өрөө рүү орчихно. Бааж шээмээр болвол идэж байхдаа ч амжуулна. Үргэлж агаарт. Хамгийн атаархмаар нь нисэж чаддагт л байгаа юм. Хүссэн цагтаа наранд биеэ шарна. Бас унтаад л. Тэгээд бас юунд ч санаа зовохгүй. Тэгвэл ялаа, галзуурсан тэнэг хүн хоёр яг адил юм байна. Байхгүй бол баярлана уу гэхээс хэн ч үгүйлэхгүй. Хэнд ч хэрэггүй.
Ялаа болохгүй.
Дүү маань нөгөө өрөөнөөс хөмсгөө зангидчихсан гартаа алууртай:
- Муусайн ялаанууд хүн унтуулахгүй юм. Хоёрыг алчихлаа. Ахиад байна уу гэсээр орж ирэв.
Би хурдхан, арьсан дээр минь ийш тийш урд хоёр хөлөө үрчин маадгар алхах ялааг заалаа. Уг нь ирвэгнээд ямар таатай байсан гээч.
Ялаа үхжээ. Харин би, нэгэн гэр бүл гэж бодов. Гэхдээ харамсахгүй байна. Гэвч нисмээр ч юм шиг.
бичлэг
